Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх нөөц өндөртэй Монгол орон сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн сонирхлыг татаж буй. Нөгөө талаасаа төрөөс явуулж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал эрчим хүчний салбарын нэг тулгуур болгон оруулжээ. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх, санхүүжүүлэх ЭЗХАХБ-ын туршлага, мэдлэгт суурилан энэ технологийг нүүрстөрөгчийг халах хөгжлийн зорилгоо хангахад нь Монгол Улсын төр засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ тайланг боловсруулсны дотор хийх шаардлагатай бодлогын өөрчлөлт, арга хэмжээг тодорхойлов.
Дотоодын зах зээлийн багтаамж нь сэргээгдэх устөрөгч зэрэг аж үйлдвэрийн салбарын хөгжил, өрсөлдөх чадвар Монголын экспортын боломжоос хамаардаг тул энэ технологийг ашиглахад дотоодын хэрэглээг бий болгож чадах эсэхээс сэргээгдэх устөрөгчийн стратеги хэр амжилттай хэрэгжих нь хамаарна. Учир нь ийм төрлийн төсөл эхний үедээ дотооддоо оффтэйк гэрээ байгуулах шаардлагатай байдаг төдийгүй экспортод гаргах дэд бүтэц барьж байгуулах ажил хугацаа шааддаг бөлгөө. Монголын аж үйлдвэрийн салбар нь нүүрстөрөгчөөс татгалзах шилжилтийн эхэн үедээ дөнгөж явна. Ирээдүйд аж үйлдвэрийн гарцад ялгарлыг бууруулах зорилгыг хангахын тулд аж үйлдвэржилт, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт, дэд бүтцийг шууд дэмжих илүү сайн, тодорхой дэмжлэг тордолгоо хэрэгтэй байна. Цаашлаад, технологи нэвтрүүлэх, инновацийг дэмжихдээ олон улсад нэвтэрч буй сэргээгдэх устөрөгчийн аюулгүй, тогтвортой үйлдвэрлэл, худалдааны шинэлэг стандартыг мөрдөх бодлогын зохицуулалт шаардлагатай. Эцэст нь, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад устөрөгчийн үйлдвэрлэлийн усны тогтвортой хангамжийн асуудлыг эрх баригчид шийдэх шаардлагатай юм. Сэргээгдэх устөрөгчийн үндэсний стратеги боловсруулах чиглэлээс гадна энэхүү тайланд дурдсан олон зөвлөмжүүдийг тус улсын уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн зорилгыг хангахад зайлшгүй баримтлах шаардлагатай нүүрстөрөгчийн хэрэглээ бууруулах чиглэлд хийх хөрөнгө оруулалт, инновацийн бодлогодоо тусгах боломжтой.